Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 19

Химийн үйлдвэрийн дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо 35-д хүрлээ

АНУ-ын Техас мужийн Уэст хотын химийн бордооны “West Fertilizer” үйлдвэрт орон нутгийн цагаар лхагва гаригийн орой дэлбэрэлт болсны улмаас 35 хүн амиа алдаж, 160 хүн шархадсан байна. Энэ тухай хотын дарга Томми Муска “СNN”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний өмнө цагдаа нар амиа алдагсдын тоог 15 болон 60-70 хэмээн мэдээлж байсан аж. Хотын дарга хамгийн сүүлд эмнэлгүүд, аврах албаныхнаас авсан тоо баримтаас эш татсан байна.

Хотын цагдаагийн газрын уламжилснаар эл хэрэг явдал үйлдвэрт хадгалагдаж байсан их хэмжээний аммиактай холбоотой аж. “West Fertilizer”-ын агуулахад 25000 кг аммиак байсан бөгөөд тэнд гал авалцсанаар асар том дэлбэрэлт болжээ. Гэвч шинжээчид дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тодорхой мэдээлээгүй байна.

Үйлдвэрт болсон дэлбэрэлт ойр хавийн дунд сургууль, өндөр настны сувилал, үйлчилгээний газрыг хамарч нэлээд тооны барилга сүйдсэн. Дэлбэрэлтийн долгион нь ойр хавийн 25 км-ийн зайнд мэдрэгдсэн ба оршин суугчдын байшингийн шил хагарсан байна. Мөн дэлбэрэлт хүчтэй байсан учраас газарт 2.1 магнитудын түлхэлт үзүүлсэн аж.

Техас мужийн захирагч Рик Перри “Бид оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн. Химийн бодисын дэлбэрэлтийн улмаас шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байна. Нөхцөл байдлыг хяналтдаа авсан. Дэлбэрэлтийн бүсэд ойр байсан оршин суугчдыг эмнэлгийн үзлэгт хамруулж байгаа” хэмээн өчигдөр мэдэгджээ.

Уэст хотын оршин суугч, 59 настай Энди Двайт орон нутгийн радиод өгсөн ярилцлагадаа “Манайх химийн үйлдвэрээс 10 км-ийн зайтай байрладаг. Дэлбэрэлт болох үед би байшингийнхаа гадаа сууж байсан. Гэнэт дэлбэрэлт болж би түлхэлтэд нь өртсөн. Яг л атомын бөмбөг дэлбэрч байгаа мэт агаарт бөөрөнхий хар үүл үүссэн” гэжээ.

Аврагчид Уэст хотын 2800 оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. 20 орчим минут үргэлжилсэн дэлбэрэлтийн үеэр дөрвөн гал сөнөөгч сураггүй болсон хэмээн цагдаагийн газраас мэдээлэв.

Хэдхэн хоногийн өмнө Бостон хотод зохиогдсон олон улсын марафоны үеэр хоёр тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдаж, 170 орчим хүн шархадсан юм. Америкийн албаныхан эл хэргийг алан хядах ажиллагаа хэмээн тодорхойлон, шалгаж байна. Аймшигт халдлагын дараа Уэст хотын химийн бордооны үйлдвэрт дэлбэрэлт болсон нь америкчуудыг айдаст автуулаад байна.

Тус улсын хэвлэлүүдэд бичсэнээр Бостон, Уэст хотын хэрэг явдлыг хоорондоо холбоотой гэж үзэхэд хэтэрхий эрт байгаа ч ойрхон хугацаанд болсон тул алан хядах ажиллагааны үргэлжлэл байсан хэмээн тодорхойлох хүн цөөнгүй байгаа аж.
Гэвч АНУ-ын албаныхан Уэст хотын химийн бордооны үйлдвэрт болсон дэлбэрэлтийг алан хядах ажиллагаа байгаагүй хэмээн мэдэгдсэн байна. Энэ бол үйлдвэрийн ажилчид аюулгүй ажиллагааны дүрэм журмаа сайтар баримтлаагүй хайнга байдлаас үүдэлтэй гэнэ.

1947 онд Техас сити боомт хотын химийн үйлдвэрт 3200 тонн аммиак дэлбэрсний улмаас 600 хүн амиа алдаж байсан нь Америкийн хими, биологийн бордооны үйлдвэрийн түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал юм. 2005 онд “Бритиш петролиум” компанийн Техас сити дэх нефть боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 15 хүн амиа алдаж, 170 орчим хүн шархадсан байна.

Орчуулагч редактор Д.Түвшинтөр

Мэдээний линк: http://world.time.mn/content/27795.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...