Эхлэл - Дэлхий дахинд - Ази номхон далай
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 29

Шинэ төрлийн шувууны ханиад хүнд халдварлаж болзошгүй

Бээжин тэргүүтэй Хятадын 10 муж, хотод бүртгэгдээд буй H7N9 шувууны ханиадны халдвар газар авсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын төвийн нутгийн Хөнань мужид халдварын тохиолдол бүртгэгдсэнийг албаныхан уламжиллаа.

Уг вирусын халдвар дэгдсэнээс хойш сар орчмын хугацаа өнгөрсөн бөгөөд  120 тохиолдол бүртгэгдэж 23 хүн амиа алдсан байна. Хятадын Эрүүл мэндийн байгууллагаас яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Өмнөд, баруун өмнөд нутгийн шувууны аж ахуйнуудад ариутгал явуулж, зарим тохиолдолд тахиа шувууг устгах хүртэл арга хэмжээ авч байгаа аж. Тус улсын энэ төрлийн бизнес эрхлэгчид ихээхэн хохирол амсаж байгаа ч засгийн газраас нөхөн төлбөр олгохоор болсон юм.

H7N9 шувууны ханиадны халдварыг судалж буй Хятадын эрдэмтэн, академич Ли Ланьжаний ярьснаар уг вирус  тахиа, шувуунаас өөр хөхтөн амьтнаас хүнд халдварлаж болзошгүй аж. H7 генийн амин хүчлийн бүтэц хувьсан өөрчлөгдсөн тохиолдолд шувуунаас бусад амьтнаас хүнд халдварлах боломжтой гэнэ.

Ли Ланьжань “H7N9 нь амьсгалын замын цочмог дутлын хам шинжийн өвчлөлтэй төстэй. Үүнийг тогтоосноор халдварыг дарах вакцин гарган авахад чухал нөлөөтэй. Энэ сарын эхээр H7N9 халдварын эсрэг вакциныг ашиглаж эхэлсэн ч энэ нь вирусны хүний биед тархах үйл явцыг л удаашруулж чадаж байна. Вирусыг хүнээс хүнд халдварлаж байгааг бид баттай тогтоогоогүй. Гэвч халдахгүй гэсэн баталгаа байхгүй. Шувууны мах, өндөгнөөс H7N9-ийн вирус илэрсэн гэх яриа тархаад байгаа ч одоогоор батлагдаагүй байна. Шувууны аж ахуй эрхлэгчид зориулалтын ариутгалын бодисоор тогтмол цагт цэвэрлэгээ хийх шаардлагатай байна” гэжээ.

Одоогийн  байдлаар H7N9 шувууны ханиадаар гэрийн тэжээвэр шувуу олноороор өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Зарим эрдэмтний тайлбарласнаар уг ханиадны вирус халуунд тэсвэргүй гэнэ. Улирал солигдох мөчид халдвар дэгдэж болзошгүй. Тиймээс H5N1-ийн хувьслын үр дүн хэмээн тодорхойлогдож байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас H7N9 шувууны ханиадыг хамгийн сүүлд бүртгэгдсэн үхэл тарих аюултай вирус хэмээн тодорхойлсон юм. Хятад болон олон улсын эрдэмтэд халдварын эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байна.

Шувууны ханиадны улмаас Хятадад жуулчдын тоо эрс багассан аж. Холбогдох албаныхан тавдугаар сарын уламжлалт амралтын гурван өдрөөр бусад хот руу шаардлагагүй тохиолдолд аялахгүй байхыг анхааруулжээ.

Шанхайн жуулчдын байгууллагын менежер Чен Жэниань “Шувууны ханиадны улмаас гадаад, дотоодын жуулчдын тоо буурч байна. Ихэвчлэн зүүн өмнөд нутгийн хотууд руу аялахдаа тун болгоомжтой байхыг зөвлөж байгаа. Энэ нь бидний ашиг орлогод тун зохисгүй нөлөө үзүүлж байна. Шувууны мах, өндөгнөөс H7N9-ийн вирус илрээгүй учир жуулчдад бид байдал хэвийн гэж сануулж байна” гэжээ.

Шанхайд H7N9 шувууны ханиадны 30 тохиолдол бүртгэгдсэн юм. Тиймээс халдварын хамгийн аюултай бүс хэмээн тодорхойлогдсон. Тус хотод гадаадын жуулчдын тоо сүүлийн нэг сарын дотор 13 хувиар буурчээ. Чен Жэниань “H7N9 нь 2003 оны SARS-аас ялгаатай нь хүнээс хүнд халдварладаг нь албан ёсоор тогтоогдоогүй. Хэрэв хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдвол бид гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авахгүй” гэжээ.

Т.Арьяа



Мэдээний линк: http://world.time.mn/content/28232.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...